Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ- аас “Веган фестиваль-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй фестивал нь дэлхий даяар 8 сарын 26-нд тэмдэглэгддэг бөгөөд “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй (World Day for the End of Speciesism) хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлогтой аж.
Энэ удаагийн “Веган фестивал-2023”-д веган хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, иог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд мөн энэ төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 30 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж байна.
Олон нийтэд зориулагдсан энэ жилийн фестивал урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, сонирхолтой зочдоор дүүрэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалан бүх нийтэд чиглэсэн баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах юм байна.
Дашрамд дурдахад, Веган фестивалийн гол зорилго нь олон нийтэд өнөөдрийн дэлхийн дулаарлын хямрал-уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил, цаашлаад хүний экологийн ул мөрийг бууруулах, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын шийдэл нь яагаад веган вэ гэдэгт бүрэн хариулт өгч, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн тоо баримттай мэдлэг мэдээллийг олон талт байдлаар өгөхөд чиглэж буй ажээ.