“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байна. Зүүн Азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна.
Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн тэмцээн “Степпе-Аренад” эхлэж байна. Жүдо бөхийн тэмцээнд 8 орны 56 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд уран мэхийг уралдуулж аваргуудаа тодруулна. Тэмцээний эрэгтэй 55кг, 60 кг, 66кг, эмэгтэй 44 кг, 48 кг, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж наадмын аваргууд тодорно.
Манай улсаас нийт 12 жүдоч хүч үзэхээс өнөөдөр эрэгтэй 55кг-ын жинд С.Мөнх-Оргил, 60 кг-ын жинд Б.Мөнгөнхуяг, 66 кг-ын жинд Ж.Энхсайхан нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 44 кг-ын Ц.Отгонжаргал, 48 кг-ын жинд Н.Ундрахбаяр, 52 кг-ын жинд Т.Ариунзаяа нар эх орноо төлөөлөн зүүн азийн наадмын татамид хүч үзнэ. Зүүн Азийн наадамд хүч Монголын багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Баасандорж, Г.Отгонцэцэг нар ажиллаж байна.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олон улсын А зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин, Ш.Баясгалан, З.Сүхчулуун нар ажиллаж байгаа аж.