Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-08-18
УНТЭ: Эрт илрүүлгийг эрчимжүүлэх эмч нарын багийн түрүүч замд гарлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 17-ны А/256 тоот тушаал гаргаж  эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүргийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад өгсөн.

Уг тушаалаар хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, хүн амын тоо, алслагдсан байдал зэргийг харгалзан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулахыг орон нутгийн эрүүл мэндийн салбарынханд үүрэг болгосноос гадна орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулан, мэргэжлийн арга зүйгээр хангах төрөлжсөн мэргшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын багийг аймгуудад ажиллуулахаар болсон бил. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын эхний баг өнөөдөр орон нутгийг зорилоо.

Тус эмнэлэг Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт ажиллах бөгөөд эхний ээлжийн баг Сэлэнгэ, Дархан-Уулын иргэдэд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоо хийх юм. Энэ талаар УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргалаас тодрууллаа.



-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх Эрүүл мэндийн сайдын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд УНТЭ хариуцаж авсан аймгуудынхаа Эрүүл мэндийн газруудтай холбогдож эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжиж ажиллахаар эхний багаа өнөөдрөөс замд гаргалаа. Манай эмч нарын явуулын баг  энэ удаа Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумаар тойрч ажиллах юм. Ирэх есдүгээр сараас өмнө хариуцсан долоон аймгаа бүрэн тойрч орон нутгийн эмнэлгүүдийг хүний нөөц, багаж төхөөрөмжөөр дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Танай эмнэлэгт эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хэр эрчимтэй явж байгаа вэ?
-Манай эмнэлэгт орон нутгийн болон нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн таван хорооны иргэд эрт илрүүлэгт хамрагдаж байгаа. Хамрагдалт өндөр хувьтай, эрт илрүүлэгт хамрагдая гэсэн байгууллага, хувь хүмүүс олон байна. Үүнийг аль болох дэмжиж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа.

-Аль насны хүмүүс эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдаж байна?
-Эрт илрүүлэгт өндөр настнууд идэвхтэй хамрагдаж, залуучууд ажлын зав чөлөө болон бусад шалтгаанаар хойрго хандаж байна уу гэж харагдаж байгаа.

-Танайх эрт илрүүлэг, үзлэг, оношлогооны багаж тоног төхөөрөмж, хүний нөөц хэр хангалттай вэ. Иргэдэд хүлээх, цаг олдохгүй байх зэрэг хүндрэл гарч байна уу?
-УНТЭ-ийн хувьд Эрүүл мэндийг дэмжих төв дээрээ эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулдаг. Хүний нөөц, оношлогоо, шинжилгээний багаж, тоног төхөөрөмж бүрэн хангагдсан. Бид өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэгт зориулж ходоодны дуран хоёр ширхэг, ЭХО, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нэмэлт хэрэгслийг эмнэлгийн нөөц боломжоор худалдаж авснаа ашиглаж байна. Иргэдийг аль болохоор чирэгдүүлэхгүй үйлчлэхэд анхаарч байна.

-Танай эмнэлгийн хариуцах аймгуудад эрт илрүүлэгт шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг гэнэ. Нарийн мэргэжлийн эмч нар очоод ажиллахад боломжтой эсэхийг судалж үзэв үү?
-Орон нутагт улсын эмнэлгүүдтэй харьцуулахад хүний нөөц, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг ч өнгөрсөн жил ЭМЯ-аас бүх аймгийг нэгдсэн стандартын дагуу Эрүүл мэндийг дэмжих төвтэй болгосон.  Тэдгээр төвүүдэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг явагдаж байгаа. Орон нутгийн нэг дутагдалтай зүйл нь алслагдсан сум, багийн малчид эрт илрүүлэгтээ муу хамрагдаж байгаа статистик тоо гарсан. Тийм учраас сайд тушаал гаргаад нэгдсэн эмнэлгүүд, аймгууд хүн амыг эрт илрүүлэгт хамрагдахыг дэмжиж ажиллах чиглэл өгсний дагуу бид аймгуудтай холбогдож эмч нараа илгээж байна.  

Эрт илрүүлэгт иргэд маш сайн хамрагдах ёстой. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлогын маш том ажил юм. Өмнө нь бүх хүнийг үзлэгт хамруулж байсан түүх байхгүй. Аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт оношлох, эрүүл мэндийн байдлыг нь үнэлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт давуу талтай. Тиймээс иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ