Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын парламентын эрхэм хүндэт гишүүд ээ,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогч Та бүхэнд манай сайхан оронд тавтай саатахыг хүсэн ерөөе.
Аливаа улс орны хөгжлийн зорилго нь хүн амын ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад оршдог билээ.
Ирэх есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулах гэж байгаа нь эрүүл мэндийн асуудал нь олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болоод байгааг яруу тод харуулж байгаагийн илрэл юм.
Дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж байна.
Өнгөрсөн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэг эрүүл мэндийн тогтолцооны анхан шатанд эх, хүүхдийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргасан.
Гэвч нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хурдацтай өөрчлөлтийн улмаас насжилт, халдварт бус өвчний "чимээгүй тахал”, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн нөлөө зэрэг шинэ сорилт бидний өмнө тулгарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ, зардал нэмэгдэж байна.
Дээрх сорилт, бэрхшээлүүд нь урьд байгаагүй цар хүрээтэй, улам бүр нарийн төвөгтэй болж байна. Дэлхий нийтийг хамарсан дараагийн цар тахал гарах эрсдэл бол зөвхөн цаг хугацааны асуудал гэж эрдэмтэн, судлаачид хэлж байна. Ийм учраас эдгээрийг шийдвэрлэхэд улс төрийн манлайлал, инновац, нийгмийн бүхий л салбарын түншлэл нэн чухал юм. Эрүүл мэндийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийг эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хүн амын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, улам шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин хөрөнгө оруулалт, нийгмийн бүх салбарын оролцоонд тулгуурлах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг чиглүүлэх нь парламентчид бидний үүрэг мөн.
Энэ ч үүднээс Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байна.