Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсад наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Тэрбээр тус улсад зохион байгуулагдсан Олон Улсын аюулгүй байдлын Москвагийн 11 дүгээр бага хуралд оролцсон юм.
Уг хуралд гадаадын 76 орны 800 гаруй төлөөлөгч, тэр дундаа 29 улсын Батлан хамгаалахын сайд нар биечлэн оролцов. Сайд Г.Сайханбаяр Олон Улсын аюулгүй байдлын Москвагийн 11 дүгээр бага хуралд оролцох үеэр, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Ли Шаньфу, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Фам Ван Зянг, БНАЛАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд дэслэгч генерал Тянтхонг Сонтаат нартай тус тус уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын одоогийн харилцаа, хамтын ажиллагаа цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.
Мөн тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал С.К.Шойгутай хоёр талын уулзалт хэлэлцээр хийж, хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвийн талаар, тэр дундаа 2024 онд тохиох Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар онцлон ярилцав.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, ОХУ-ын хооронд 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-ний дагуу манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажлын айлчлалын хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж байгаа “Армия-2023” Олон Улсын цэрэг-техникийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.