ШӨХТГ: “Моносфарм трейд” ХХК-д 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 12 дугаартай удирдамжийн дагуу эм ханган нийлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар “Моносфарм трейд” ХХК нь ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд “бөөний болон жижиглэнгийн үнийг, худалдагч талын тогтоосон үнээр баримтална” гэсэн заалт тусгах замаар зах зээл дээр тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн борлуулах үнийг тогтоох зэргээр давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж тус компанид 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа.
“Моносфарм трейд” ХХК нь эмийг бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалах, тэдгээрийн зах зээлд дахин борлуулах үнийг тогтоох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэргээр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “ ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах”, мөн хуулийн 7.1.6-д “тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ... хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу дээрх торгуулийг ногдууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор "Моносфарм трейд" ХХК нь эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.