Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурав.
“Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл”-ийн хүрээнд Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байранд их засварын ажил хийгдэх юм.
Тус байр нь он удаан жилийн ашиглалтаас үүдэн дээвэр элэгдэж хуучирч дусаал гоождог болсноос өрөөнд хөгц, мөөгөнцөр үүсэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдалд байгаа юм. Мөн дулааны шугам бөглөрч гэмтэл гардгаас өвлийн улиралд тасалгааны температур 10 хэм орчим буюу хүнд нөхцөлд байна. Өрөөний шал доошоо суулт өгснөөс хүүхдүүд бэртэж гэмтэх, мөн цахилгааны шугамд байнга гэмтэл гарч, утас ил холболттой байдаг нь цэцэрлэгийн 25 хүүхэд, 6 багш, ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул, эрсдэлийг үүсгэж байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл боломж бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 596 дахь, Багахангай дүүрэгт хэрэгжих анхны төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 45,113 ам.доллар юм.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг гэж Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.