Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. Тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая тоннд хүргэжээ.
Үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт техник, технологийн шинэчлэлт болон одоогийн нөхцөл байдлыг танилцуулав. Тэрбээр улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед "Эрдэнэт"-ийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөлт үзүүлэлт амжилттай биелэсэн гэдгийг онцоллоо.
Тодруулбал:
- Үйлдвэр техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдэд 100-аас дээш хувь,
- 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлож, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан,
- Санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн гарсан,
- 2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн,
- 2020 онд нийт 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.
Энэ оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлсэн. Үүний үр дүнд борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелэжээ.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар, улс, орон нутгийн төсөвт 149 тэрбум, өнөөдрийн байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж, “Эрдэнэт”-ийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 жил ажиллах боломжийг бүрдүүлжээ.