Монгол Улс сүүлийн 10 жилд дунджаар 14.4-36.5 сая тонн нүүрс жилд экспортолж байна. Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн төв лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж 2022 оноос нүүрсний ангилал стандарт шинэчлэгдсэн. Мөн нүүрсний ангиллаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Бид энэ талаар илүү дэлгэрэнгүй тодруулахаар Гаалийн төв лабораторийн Гаалийн улсын байцаагч шинжээч Д.Жавзансүрэнтэй уулзлаа.
Гаалийн төв лаборатори экспортод гарч байгаа нүүрстэй холбоотой ямар шинжилгээнүүдийг хийж байна вэ?
Манай лаборатори нь нүүрсний шинжилгээг 2020 оноос эхлэн гаалийн шинэчлэлийн хүрээнд 26 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авсан. Тус төхөөрөмжүүдээрээ 11 нэр төрлийн шинжилгээг хийдэг. Эдгээр шинжилгээн дотор нүүрсний техникийн үндсэн шинжилгээ, коксжих чанарын, хорт элементийн гэсэн шинжилгээнүүдийг хийж байна.
Нүүрсний шинжилгээний хувьд 2021 оноос жигдэрч шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд Монгол улсын үндэсний итгэмжлэлийг 4 жилээр, 2022 онд БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэлд хамрагдаж 8 нэр төрлийн нүүрсний шинжилгээгээр итгэмжлэл авсан. Нүүрсний шинжилгээг өөрийн лабораторид шинжилж, магадлан шинжилгээний дүгнэлт гаргаснаараа шинжилгээнд зарцуулах хугацааг бууруулж, гадаад худалдааг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой болсон. Мөн аж ахуйн нэгжүүд гааль дээр олон дахин ирэхгүйгээр чирэгдэлгүй үйлчлэх боломжтой болсон.
Манай улс жилд хэр их нүүрс экспортолж байгаа вэ? Худалдан авагч улс болох БНХАУ ямар нүүрсэнд ямар гол шаардлагыг тавьдаг вэ?
Монгол Улс сүүлийн 10 жилд дунджаар 14.4-36.5 сая тонн нүүрс экспортолж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 34,5 сая тонн нүүрс экспортлоод байна.
БНХАУ нь 2015 оноос эхлэн нүүрсэнд агуулагдах байгаль орчинд болон технологийн хорт элемент дээр зөвшөөрөгдөх дээд хязгаар тогтоож өгсөн. Нүүрсэнд агуулагддаг мөнгөн ус, мышьяк, фосфор, фтор, хлор гэсэн 5 нэр төрлийн элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хязгаар тогтоосон байдаг. Манай шинэ лаборатори ашиглалтад ороогүй байх үед нүүрсний хорт элементийг шинжилдэг лаборатори цөөн байсан. Нүүрсний хорт элементийг шинжилдэггүйгээс экспортын нүүрс фторын болон фосфорын агуулга өндөр гарсан гэдэг үндэслэлээр буцаагдаж, хилээр орж ирэх тохиолдол гарч байсан. Харин одоо энэ элементүүдийг шинжилдэг болсноор экспортод гарахаас өмнө урьдчилж мэдээд хортой элемент өндөр гарсан тохиолдолд экспортлох боломжгүй гэдгийг аж ахуйн нэгжүүд мэдэх бүрэн боломжтой болсон.
Нүүрсийг бид тантай уулзахаас өмнө ийм олон төрөл, ангилал байдаг гэж бодсонгүй. Ингэж нарийн шинжилж олон төрөлд ангилах нь ямар ач холбогдолтой вэ?
Нүүрсний ангиллын стандарт нь 2014 онд батлагдахдаа 11 нэр төрөл байсан. 2022 онд 30 нэр төрөл болж өргөжин батлагдсан. 2022 онд 30 нэр төрөл болж батлагдсанаар ашигт малтмалын нөөц ашиглах төлбөрийг авахад үнийг нь зөв тогтооход ач холбогдолтой байдаг. Сангийн яамнаас сар бүр нүүрсний жишиг үнэ гэж баталдаг. Энэ жишиг үнийг 57 нэр төрөл болгож задалсан. Үнслэг, дэгдэмтгий бодис, илчлэгийн хэмжээ, жи индекс гэсэн 4 үзүүлэлтээс хамаарч нарийн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл нүүрсний жи индекс 50-65 хооронд байвал нэг үнэлгээтэй, жи индекс 65-аас их байвал өөр үнэлгээтэй, илчлэгийн хэмжээ мөн 5000-аас их болон доош байхаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Мөн үнслэгийн хэмжээ 25-аас их, бага байвал ялгаатай үнэлэгдэх гэх мэт... Ийм учраас нүүрсийг 57 нэр төрлөөр үнэлэгдсэн байдаг. Үүний ач холбогдол нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийг үнэн зөв тодорхойлж барагдуулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ГЕГ