Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2023-08-29
ИБУИНХУ, ХБНГУ-ын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдаар томилогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэр бээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглэв. Элчин сайд Фиона Блайт хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Фиона Блайт Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн Байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм.

Мөн өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын чухал гуравдагч хөрш ХБНГУ-тай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэж,  харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх, шат ахиулахад Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Х.Р.Кулитц 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахаа онцлов.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ