Нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж дууслаа. Ирэх аравдугаар сарын 10-нд 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлон зарласан.
Нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид ирэх Даваа гаригт буюу есдүгээр сарын 6-нд Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ.
СЕХ материалыг хянаж үзээд, ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах хуулийн заалттай. Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж дууссан байна.