Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би өнөөдөр их баяртай байна. “Эрдэнэт” үйлдвэр бол турж үхэх гэж буй саалийн үнээ биш гэдгийг та бүхэн баталж чадсан болохоор баяртай байна. Тус үйлдвэр Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын 10/1-ийг, 10 их наяд улсын төсвийн 1 их наядыг цаашдаа үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник, эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд боловсруулж, нотолж чадсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Эрдэнэт” үйлдвэр цар тахлын үед 650 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын бүх ААН, иргэдийн дулаан, цахилгааны үнийг төлөх ачааг үүрсэн. Нийт монголчуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Энийг хийж чадаагүй бол хамгийн багадаа 95 мянган ажлын байр, хамгийн ихдээ 260 мянган ажлын байр устаж үгүй болох байсан.
Хамгийн хүнд цаг үед байгалийн баялагтаа найдаж болдгийг Монголын ард түмэн мэдэрсэн болов уу.
“Эрдэнэт” үйлдвэр 2020 онд үйлдвэрлэл үйлчилгээ, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөөг 100 хувиас дээш биелүүлсэн байна. 2019 онд 32,2 сая тн, 2020 онд 32,5 сая тн хүдэр боловсруулж суурилагдсан хүчин чадлаа бүрэн эзэмшсэнээ баталгаажуулсан нь бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон.
2019 онд 961,8 тэрбум, 2020 онд 1 их наяд төгрөгийг энэ хүнд үед төвлөрүүлж чадсан. Ажлын байрнуудыг хадгалж үлдсэнд “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлье.