Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-09-07
Японы “Сисмекс” корпорацитай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа

Эрүүл мэндийн яам болон Япон улсын “Сисмекс” корпорациас эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, клиник лабораторийн оношлогоо, шинжилгээний чанарыг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаа баталгаажууллаа.

Гэрээг шинэчлэн байгуулж гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон холбогдох газрын дарга нар, “Сисмекс” корпорацийн тэргүүн дэд захирал К.Ватанабэ болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тэргүүн дэд зөвлөх Кикума нар оролцов.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг арга хэмжээний эхэнд 15 жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт лабораторийн шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй “Сисмекс” корпорацийн хамт олонд талархал илэрхийлээд “2008 онд манай эмнэл зүйн лабораториудын хоорондын шинжилгээний зөрүү их, шинжилгээний чанар, чанарын баталгаажилтын асуудал төдийлөн сайнгүй байсан үед “Сисмекс” корпорацтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь бидний хувьд чухал үйл явдал болсон. Хамгийн наад зах нь лабораторийн шинжилгээтэй холбоотой гомдол, чирэгдэл буурч, өвчтөнийг дахин дахин нэг шинжилгээнд явуулж, чирэгдүүлэх асуудал үгүй болсон. Тэр ч байтугай, аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн шинжилгээний хариуг төрөлжсөн төв эмнэлгийн эмч хүлээн зөвшөөрөх нь элбэг болсон нь та бидний хамтын ажиллагааны үр дүн гэж ойлгож байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан, ялангуяа, цусны дэлгэрэнгүй шинжилгээний лаборатори хоорондын зөрүү маш бага болсноор гадаад улс руу өвчтөний шинжилгээний хариугаа явуулахдаа итгэлтэй болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд цусны дэлгэрэнгүй, биохими, иммунологи, цусны бүлэгнэлтийн шинжилгээний чанарын гадаад хяналтаас гадна шээсний шинжилгээний хяналт, үнэлгээ нэмэгдэж байгаа нь бөөрний дутагдал, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний өвчлөл нэмэгдэж байгаа манай улсын хувьд нэн чухал юм. Мөн саяхан дэлхий нийтээрээ даван туулсан КОВИД-19 халдварын цар тахал ч лабораторийн шинжилгээний чанар ямар чухал вэ гэдгийг бидэнд сайн ойлгуулсан билээ.

Манай улс 2022 оны тавдугаар сараас бүх иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг амжилтай зохион байгуулж байна. Энэхүү үзлэг шинжилгээний багагүй хувийг лабораторийн шинжилгээ эзэлдэг тул шинжилгээний чанарын асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой” хэмээсэн юм.

Тэрбээр мөн “Сисмекс” корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй чанарын гадаад үнэлгээнд лавлагаа, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдээс гадна, хувийн хэвшил, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож байгаа нь манай эмнэлгийн мэргэжилтнүүд олон улсын жишигт нийцсэн чанарын гадаад хяналтад оролцох хүсэлтэй байгааг, мөн чанарын хяналт, баталгаажилтын ач холбогдлыг сайн ойлгож, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байгааг онцолсон.

Түүнчлэн “Сисмекс” корпорац хамтран ажиллах гэрээний хүрээнд чанарын гадаад хяналт явуулах боловсон хүчин бэлтгэх, стандартад нийцсэн аппарат тоног төхөөрөмж, чанарын хяналтын материалаар хангах зэргээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

ЭМЯ, Японы “Сисмекс” корпорацийн хооронд 2008 оны зургаадугаар сарын 2-нд Монгол Улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээг гурван жил тутамд шинэчлэн сунгаж ирсэн.

Энэ удаа Монгол Улсын лабораторийн чанарын хяналтын үйл ажиллагаанд Япон улсын Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар болсон нь өмнөхөөс онцлог юм.
Өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан тав дахь удаагийн нэмэлт өөрчлөлтөд шээсний шинжилгээний чанарын гадаад хяналт тусгагдсанаар манай улсын хүн амын дунд өсөн нэмэгдэж буй чихрийн шижин, бөөрний өвчин эмгэгийн лабораторийн оношлогоо сайжрах чухал ач холбогдолтой.

Чанарын гадаад үнэлгээг эхлүүлснээс хойш өдгөө гематологийн шинжилгээний 30, биохимийн 24, иммунологийн 19, цусны бүлэгнэлтийн дөрөв дэх удаагийн чанарын гадаад үнэлгээг амжилттай хийсэн байна. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт гематологийн гурван стандарт анализатор, биохимийн нэг стандарт анализаторыг суурилуулан чанарын хяналтын бай хэмжээ, тогтвортой байдлыг тогтооход ашиглаж иржээ.

“Сисмекс” корпорацитай хамтран ажилласан 15 жилийн хугацаанд эмнэл зүйн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын 30 удаагийн сургалтад хамруулж, чанарын гадаад үнэлгээний тайланг танилцуулан гэрчилгээ гардуулсан.

Үүний зэрэгцээ тус корпораци лабораторийн эмч нарын хүсэлтээр тэдэнд тулгамдаж асуудлаа шийдвэрлэхэд туслах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар Японы нэр хүндтэй эрдэмтэн профессоруудыг урьж сургалт явуулсан нь эмч нарт оюуны томоохон хөрөнгө оруулалт болж манай лабораториудын чадавх, шинжилгээний чанарыг сайжруулахад түлхэц болсоор байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ