Монгол Хятадын олон улсын Стандартчиллын хоёр дах удаагийн форум Хөххотод боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын намын удирдлагын бүлгийн гишүүн, дэд дарга Чи Бат, Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын газрын дэд дарга, Үндэсний стандартчиллын удирдлагын хорооны дарга Тянь Шы Хун нар нээж үг хэлсэн юм.
Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр “Ногоон хөгжлийг дэмжих, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа цөлжилтийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, харилцан туршлага судлах, стандартаа ижилтгэх чиглэлээр санал санаачлага гарган ажиллаж байна. Бид БНХАУ-ын стандартын байгууллагатай харилцан уялдаатай, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцоод байна. Хөрш орны бараа бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, стандартчиллын чиглэлээр тарифын бус саад тотгорыг арилгах чиглэлд талууд харилцан мэдээ мэдээллээ солилцох, туршлага хуваалцах, судалгаа шинжилгээ хийж ажиллахаар тохиролцсон” гэдгийг онцлов.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын газрын дэд дарга, Үндэсний стандартчиллын удирдлагын хорооны дарга Тянь Шы Хун "Энэ жилийн хувьд хоёр орны худалдааны эргэлт 62.6 хувьд хүрч эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэн хэллээ. 2022 оны арваннэгдүгээр сард Си Зинпин дарга Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа эдийн засаг, худалдаа, эрчим хүчний салбаруудын хамтын ажиллагааг өргөтгөж, техникийн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Ингэхдээ бүх талын хамтын ажиллагааны стратегийн түншлэлийн нэгдсэн мэдэгдлийг гаргаж байсан.
Энэхүү форум нь худалдааг идэвхжүүлж, хоёр талын мэргэжилтнүүдийг урьж, шинэ санал санаачлагыг танилцуулах, шинэ туршлагаа солилцох стандартчиллын нягт хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байгаа юм. Цаашид хоёр тал тус салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэн, худалдааг хөнгөвчлөх, стандартчиллын түвшинг дээшлүүлж, харилцан хүлээн зөвшөөрөгдөж ажиллах нь чухал байна" гэсэн юм