Улсын хэмжээнд 2023 оны 8 дугаар сарын байдлаар 288.092 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 7 дугаар сартай харьцуулахад 35.7 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн хэргийн 68.7 хувь нь Нийслэлд, 31.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 96.2 хувийг Цагдаагийн байгууллага, 3.8 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 277.434 хүн, 524 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 37 хувиар өссөн бол хуулийн этгээд 2.8 хувиар буурсан байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78.7 хувь нь эрэгтэй, 21.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.4 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн наймдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг долоодугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1 дахин, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 16.8 хувиар тус тус өссөн байна.
Харин Татварын хууль зөрчих зөрчил 30.4 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчил 30.4 хувиар, Хулгайлах зөрчил 14.3 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.8 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.6 хувиар буурчээ.