Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсаэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан “Дорноговь аймагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд үүсээд байсан гацааг арилгах шийдвэрүүдийг Ерөнхий сайд тус аймагт ажиллахдаа гаргасан.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт болох 1 тэрбум ам.долларын зээл олгохоор Энэтхэг улсын засгийн газар амласан. 2019 оны 12-р сарын 20-ны өдөр 1.2 тэрбум долларын зээлийг ТЭЗҮ-ийнх дагуу УИХ-аар соёрхон баталсан.
Гэвч зээл батлагдмагц ковидын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар өнөөх 1.2 тэрбум ам.доллараас дөнгөж 112 сая долларыг л авч хэрэглэсэн. Гэтэл гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд 64.5 сая ам.долларын зээл төлөх цаг хугацаа болсон байсан.
EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын ажил EPC-1-ээс шалтгаалан бусад санхүүжилт нь хийгдэх боломжгүй байдалд хүрсэн.
Ингээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг ажиллаж наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн банкны удирдлагууд ирж, гэрээнд өөрчлөлт оруулж, үзэглэсэн. Ингэснээр EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын гэрээг тус тусад нь салгаж хийсэн. Багцууд аль нэгнээс хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа хийж, санхүүжилтээ аваад явах боломжтой болсон.
Үнийн өсөлтөөс шалтгаалан EPC-4 багц нэмэлт санхүүжилт шаардагдах нь тодорхой болж, УУХҮЯ-ны Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр асуудлыг оруулж баталгажуулсны дараа УИХ-аар соёрхон батлуулсны дараа санхүүжилтийн зөрүүг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
Ингэснээр 2026 оноос үйлдвэрийн эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна гэлээ.