Эрүүл мэндийн сайд С.Чинзориг албаа хүлээж авсны дараа нийслэл, орон нутгийн харьяа байгууллагын удирдлагатай уулзалт хийхдээ эрүүл мэндийн салбарт иргэдийн өгч буй үнэлэмж таатай бус байгаад дүгнэлт хийж юуны өмнө эмнэлгүүдэд мөрдөж ажиллах үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарахаа хэлсэн.
Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023-ыг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Стандарт батлагдаж өдгөө хэрэгжүүлэх ажил салбарын хэмжээнд эрчтэй явж байна.
Эрүүл мэндийн байгууллагад мөрдөх үйлчилгээний стандартын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Оюунболороос тодрууллаа.
-Эрүүл мэндийн салбарт үйлчилгээний стандарт хэр шаардлагатай вэ?
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүрсэн чанартай, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дагуу эрүүл мэндийн салбар үзүүлж чадаж байгаа. Тэгвэл үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдэг асуудал яригдах болсон. Үүнд тухайн эрүүл мэндийн байгууллагын иргэдэд үйлчилгээ үзүүлэх орчин, гадна, дотно хаягжилт болон эмч, албан хаагчид үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцах вэ, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ гэдэг асуудлыг анхаарах цаг нь болсон. Энэ хүрээнд иргэдээс санал хүсэлтүүд ирсэн байдаг. Жишээлбэл, эрүүл мэндийн байгууллагын хаягжилттай холбоотой асуудал ч гарсан. Тиймээс дээрх агуулгуудаар стандарт боловсруулан эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсан. Тэр дагуу эрүүл мэндийн салбарт анх удаа үйлчилгээний стандартыг боловсруулан батлуулсныг эрүүл мэндийн байгууллагууд нутагшуулахаар ажиллаж байна.
-Үйлчилгээний стандарт зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажилтанд хамаатай юу?
-Үйлчилгээний стандартыг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна үйлчлүүлж байгаа иргэн ч бас дагаж мөрдөх шаардлагатай. Биеэ хэрхэн авч явах, эмч ажиллагсдын зүй ёсны шаардлагыг биелүүлэх зэрэг агуулгыг багтаасан нарийн зохион байгуулалтай бүтцүүдийг оруулж өгсөн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад жижигхэн үл ойлголцлоос болж ажиллагсад үйлчлүүлэгчдийн харилцаанд доголдол гарах, тусламж үйлчилгээг сайн үзүүлсэн ч бага зэргийн үл ойлголцол нь эмчдээ итгэх итгэл буурах, сэтгэл ханамжгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс цаашдын бодлогодоо анхаарах шаардлага гарсан. Харилцагч талууд хоорондоо хүндэтгэлтэй байж харилцаа хандлагын хувьд нэг стандарт баримтлах хэрэгтэй юм.
Мөн хэлсэнчлэн эрүүл мэндийн байгууллагын хаягжилтаар хурдан хугацаанд тусламж үйлчилгээ авах, өөртөө хэрэгтэй мэдээ, мэдээллийг хэрхэн авах тухай агуулгууд ч орсон. Энэ мэт эрүүл мэндийн байгууллагын гадаад болон дотоод орчин гэсэн бүлгүүд байгаа. Үүнд хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд зориулсан ээлтэй орчинг бүрдүүлэх ёстой. Түүнчлэн тусламж үйлчилгээний заавар зөвлөмжийг ойлгомжтой тайлбарлах гэдгийг тусгаж өгсөн нь үйлчлүүлэгчид ээлтэй стандарт болсон байна.
-Ийм стандарттай болох тал дээр мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авсан уу?
-Стандартыг боловсруулахдаа ЭМЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал авсан. Олон улсад ямар байдаг талаар судалгаа хийсэн.
Үйлчилгээний стандарт маш энгийн байх ёстой юм билээ. Бид хэт өндөр шаардлага тавьчихаад эрүүл мэндийн ажилтан болон иргэдийг биелүүл гэдэг. Тэгэхээр тулгамдсан асууудлыг шийдэхэд энгийн зүйлээс аль ч талдаа харилцан хичээл зүтгэлтэй байж үр дүнгээ үзнэ.
-Нэгэнт батлуулсан стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж, нутагшуулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Стандарт хэмжил зүйн газартай хамтран үйлчилгээний стандартыг гаргаж батлуулсан учраас эрүүл мэндийн байгууллагууд нутагшуулахаар ажиллаж байгаа. Иймд иргэд стандарттай танилцаж, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.
Хүний харилцаа хандлага, хэлэх үг, нүүрний илэрхийлэмжийг яаж стандартчилах юм бэ гэдэг. Гэтэл олон улс болон манай улсад ч ялгаагүй харилцаа хандлага дээр анхаарвал цаашдын гарах үр дүн сайн байх болно. Манай салбарын хүрээнд тулгамдсан асуудалд эмч ажилчид, үйлчлүүлэгчид энгийн зүйл дээр ойлголцож чадвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй болох боломжтой юм.
Эцэст нь хүний гаргах үйлдэл болоод, орчинг стандарт гаргаад шууд өөрчилж болохгүй. Тиймээс эрүүл мэндийн ажилчдадаа сургалт явуулж, иргэдэд мэдээлэл түгээх шаардлагатай байна.