Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-09-15
Дэлхийн банкны дэмжлэгтэй төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарна

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн талаар ярилцаж санал солилцохоор Дэлхийн банкны төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзлаа.

Уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, төслийн ахлагч Кейт Мандевилл болон Дэлхийн банкны эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцсон юм.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн үйл ажиллагаа эрүүл мэндийн салбарын хувьд чухал ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд уулзалтын эхэнд онцлоод “Төслийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТ болон сум дундын эмнэлэг, УГТЭ, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II зэрэг байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан нь цар тахлыг даван туулахад дэмжлэг болохын зэрэгцээ цаашид манай улсад эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлд тогтвортой тодорхой дэмжлэг үзүүлж байна. Мөн саяхан худалдан авч түгээсэн 295 ширхэг хог хаягдлын автоклав нь манай улсын бүх сумын ЭМТ-д эмнэлгийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд томоохон ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон.

ХӨСҮТ-ийн нэг эх үүсвэртэй гэрээний хүрээнд салбарын хэмжээний эрүүл мэндийн ажилтныг хог хаягдлын чиглэлээр сургах зэрэг ажил нь тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй байгаль орчны эрсдлийг бууруулах, бусад төсөлд үлгэр жишээ болохоор байгаа.

ЗӨСҮТ-ийн нэг эх үүсвэрт гэрээгээр худалдан авсан хээрийн эмнэлгийг өнөөдөр хүлээж авсан нь эрүүл мэндийн таатай орчныг Монголд бүрдүүлэх, хүний нөөцийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөц бэхжихэд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гээд ковид-19-ийн цар тахлын хүнд цаг үед Монгол Улсад нэн шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж ирсэнд гүн талархал илэрхийллээ.

Сайд мөн Дэлхийн банкны төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тодорхой зарим ажлын талаар саналаа хэлсэн. Тухайлбал, гурван аймгийн эрүүл мэндийн байгууллагыг хамгийн сүүлийн үеийн оношлогооны компьютерт томографын аппаратаар хангах ажлыг түргэвчлэх шаардлага байгааг хэлээд хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдын хамт орон нутагт томилолтоор ажиллах үед Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг 2012 оноос хойш тасралтгүй ашигласан СТ эвдэрч, иргэдэд үйлчилгээ үзүүлж чадахаа больсон. Засварлах зардал өндөр байгаа тул эхний ээлжинд Дорноговь аймгийг CT аппараттай болгох шаардлагатайг анхаарахыг хүслээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг туулах чадвар сайтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон машинтай болгох ажлыг богино хугацаанд гүйцэтгэх тал дээр тодорхой байр суурь илэрхийлсэн. Мөн эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгөв.

Дэлхийн банкны төлөөлөл төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Эрүүл мэндийн сайдын тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж буй ажил, баримталж буй бодлого шийдвэр, арга хэмжээг дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ