Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-09-18
Энэ намар алим, чавга тарихаар төлөвлөж байна уу

Энэ намар алим, чавганы мод тарихаар зорьж буй хэн бүхэн анхаарлаа нааш хандуулаарай.

1. Тарих газар: Аль болох энгэр ээвэр газрыг сонго. Салхинаас хамгаалагдсан байвал бүр сайн. Гэхдээ цонхны дор тарьж болохгүй, учир нь тун удахгүй цонхыг нь нарнаас хаачихна. Чавга тарихдаа хаврын цас, мөс хайлахад ус тогтоод байхааргүй газар олж тариарай. Хэд хэдэн мод зэрэгцүүлэн тарих гэж байгаа бол алим, чавганы модны хоорондын зай аль аль нь 2.5-4 метр. Үнэхээр талбай багатай бол 2.5 метр зайтай тарьж болох ч хожим нь буюу ердөө 5-6 жилийн дараа хоорондоо хүн явах зайгүй болсон байх болно. Энэ тохиолдолд таналт тайралтаар зохицуулахаас өөр аргагүй болно шүү.

2. Нүхний хэмжээ: Багаар бодоход 60 см диаметртэй, 60 см гүн нүх бэлдэнэ.

3. Хөрс: Өнгөн хөрснөөс гарч буй хар болон бор шороог тусад нь авч, харин доошлох тусам гардаг шар шороо, элс хайрга зэргийг тусад нь авна. Нүхний эзлэхүүн хэмжээгээ нүдэн баримжаагаар тооцоолон аль хэр шороо нэмэхийг гаргаж тусад нь авсан хар, болон хүрэн шороондоо нэмж өгнө. Энэхүү тохиромжтой гэж бэлдсэн шороон хөрсөн дээрээ 3 хүрз өнжсөн бууц, нүүрсний хог, хуучирч ялзарсан үртэс гэх мэт хожим нь хөрсииг хөнгөн болгож өгөх органик зүйлсийг хольж хүрзээрээ багсарч бэлдэнэ.

4. Модоо нүхэнд суулгахын өмнө нүхний ёроолд боломжтой бол 4 хуруу орчим зузаанд хайрга, буталсан туйпуу, перлит гэх мэтийг зулж өгвөл ялангуяа шаварлаг хөрстэй тохиолдолд ус нэвтрэх сийрэг орчныг бүрдүүлж өгнө.

5. Модоо суулгах: Багсарч бэлдсэн шороогоо нүх рүүгээ хийнэ. Тарих гэж буй суулгацаа анхааралтай харж залгаатай хэсгийг хөрсний дээр байхаар тооцоолж нүхэндээ суулган шороогоор булна. Ингэж тарихдаа мод тарьсан нүхний амсар, газрын хөрсний түвшин 2 нэг түвшинд байхаар байрлалтай тарина. Энэ маш чухал шүү. Хожим нь дараа дараагийн усалгааны явцад хөрс доошоо сууж, аажимдаа 2 хуруу орчим гүнд болж доошилдог. Боломж байгаад мод болон аргалын үнс олдвол 2 хүрз орчмыг хөрсөнд холивол бордоо болж өгнө.

6. Намар, хаврын аль ч тарилтад усалгааг том модонд 30-40 л орчим, жижиг бутанд 20 л орчим усыг шингээж усална. Намар өдийд ингэж тарьсны дараа цэнэг усалгаа хийхгүй байж болно.

7. Суулгацаа авангуут тарьж амжихгүй байвал яах вэ: Жишээ нь, манайх борлуулж буй суулгацны үндсийг чийглэн, гялгар уутаар сайтар боож өгдөг. Ийм суулгацыг хүйтэн сэрүүн, харанхуй газар бол 7 хоног орчим боодолтой нь хадгалж болно. Харин хавар бол ийм удаан байлгаж болохгүй.

8. Намар нь бүр тарьж амжихгүйд хүрвэл яах вэ: Суулгацаа боодлоос нь салган 40 см орчим гүн ухсан шуудуунд налуулан хэвтээ байдлаар байрлуулан 40 см орчим зузаан шороогоор зөвхөн орой хэсгийг үлдээн хучиж өвөлжүүлж болно. Энэ аргыг зарим мод ялангуяа, чавга, интоор мэтэд хэрэглэвэл өвлийн хөлдөлтөөс нарийн мөчрүүдээ хамгаалж чадахаас гадна нэгэнт гар дээрээ авчихсан бэлэн суулгацаа хавар эрт гаргаж тарих боломжтой байдаг.

9. Өвөлдөө цас орж эхлэнгүүт тарьсан модныхоо тогооны эргэн тойрныг цасаар овоолон хучна. Ингэснээр үндсээ хөлдөлтөөс хамгаалах боломжтой.

10. Танай ойр орчимд оготно, туулай гэх мэт мод бутны холтсоор хооллогч мэрэгчид байдаг бол модны гол ишээ даавуу мэт материалаар ороож өгнө. Мөн дайжуулах чадвартай кериолин, дяготь гэх мэт содон үнэрт бодисыг картон цаас мэтэд шингээн модны тогооныхоо орчимд тавьж болно.

Ингээд та намрын тарилтаа хийчихлээ. Өвөлдөө хааяа ч болов анхаарч, ажиглаж, цасаар хучиж байгаарай.

Эх сурвалж: Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ