Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн талаар Сангийн сайд Б. Жавхлан мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б. Жавхлан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна. Өмнөх жилүүдээс хуримтлагдсан шилжих хөрөнгө оруулалт бий болж, 2023 оны төсөв хүрэлцэхгүй байх нөхцөл үүссэн. 736 төслөөс 99 хувь нь 2025 он гэхэд 95 хувь дуусах төлөвтэй байна
8-аас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийг яаралтай дуусгах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, долоо хоногийн хугацаатай ажиллахаар боллоо.
Төсөл хөтөлбөр дээр ажлаа цаг хугацаандаа гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулах. Захиалагч талаас өндөр шаардлага тавьж ажиллах чиглэл өглөө.
Tender.mn сайт дээр мэдээлснээр 46 компани тендерт оролцох эрхээ хасуулж, хар жагсаалтад оруулсан байгаа. Мөн захиалагч талаас ирсэн саналаар 107 аж ахуйн нэгжийг тендерт оролцуулахгүй хар жагсаалтад оруулахаар болж, хяналт шалгалт хийж байна. Хар жагсаалтад оруулах эцсийн шийдвэр ирэх аравдугаар сарын сүүлээр гарна. Түүний дараа Засгийн газарт танилцуулж, ил тод зарлах болно” гэв.