Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2022-09-15
Ц.Баяр
МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР УУЛЗАВ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.

Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.

Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.

 Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ