Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ.
Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглагдсаар ирсэн юм. “Орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар судалгаа, шинжилгээний зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэслэх, ашигт малтмал хайх, олборлох, худаг гаргах, цооног өрөмдөх, зэрлэг амьтан агнах, барих, байгалийн унаган төрхийг өөрчлөх, бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Нийслэлийн орон нутгийн хамгаалалтад авагдсан газруудад цаашид экологийн чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж үнэлэн, судалгаа хийх, хамгаалалтын менежмент нэвтрүүлэх, явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах, мониторинг судалгааны цэгүүд байршуулна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид санал хэлсэн юм. Төлөөлөгч Б.Нэргүй “Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг зориулалтын бусаар ашигладаг тохиолдлууд байдаг. Бид ирээдүй хойч үедээ экосистемийг үлдээх ёстой. Тэгэхээр орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ашиглалт хамгаалалтыг ахисан шатанд гарна гэж ойлгоод дэмжиж байна” гэлээ.
Харин төлөөлөгч Л.Отгонбаатар “Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь сайн боловч нөгөө талдаа суурьшлын бүс бий. Айлууд бүгд нүхэн жорлонтой. Өнөөдөр рашаан цэвэрхэн байгаа ч ирээдүйд рашааны эхэнд байршсан айлуудын нүхэн жорлонгийн бохирдол хөрс рүү нэвтэрч бохирдох эрсдэлтэй. Цаасан дээр хамгаалалтад авахаас илүү ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлж бодлого шийдэл, төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой” гэв. Уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг төлөөлөгчид дэмжлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ