Цаг агаар
Валютын ханш
Төсөв
2022-09-15
Ц.Баяр
ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ЦАЛИНГ 50-ААС ДООШГҮЙ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ ТУСГАХЫГ ШААРДЛАА

 МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2022.09.15/ Монгол улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барихаар болж, хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Монгол улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барих гэж байна. МҮЭ-ийн холбооноос 2023 оны төсвийн төслийг боловсруулах явцад саналаа хүргүүлсэн.

Мөн төсвийн төсөлтэй урьдчилсан байдлаар танилцахад ирэх онд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг дорвитой нэмэх асуудал тусаагүй байна. Энэ төсвийг МҮЭ-ийн холбоо цалин хөлс, нийгмийн хамгааллыг нэгдүгээрт тавьсан төсөв байгаасай гэж хүсэж байна. Ард иргэдийн цалин хөлс сүүлийн 10-аад жилд 40 орчим доллароор л нэмэгдсэн байна. Гэтэл бодит орлого 20-30 хувиар унасан. Бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар доод тал нь 20, дээд тал нь 40 хувь нэмэгдсэн байна.

Ийм нөхцөлд ард иргэд улсын төсвөөс хамгийн түрүүн цалин хөлс нэмэгдүүлэх, аж амьдралд нь нэмэр болох зүйлийг л хүснэ. Тиймээс МҮЭ-ийн холбоо ард иргэдийн санал хүсэлтийн хүрээнд шаардлагаа тавьж, саналыг хүлээж авч хэрэгжүүлээгүй нөхцөлд тэмцлийн арга хэмжээнд шилжинэ.
Цалин огт нэмээгүй байхад 2022 оны дунд үед бодит инфляци 30-40 хувьд хүрснийг бид мэднэ. Энд мөн цалин хөлсний хомсдолтой холбоотой нэг ноцтой асуудлыг дэлгэе. МҮЭ-ийн холбоо өнгөрсөн зургаан сарын хугацаанд 10-аад аймгаар явж ажиллалаа. Төрийн алба боловсон хүчний хомсдолд орсон байна. Өнөөдөр 500-600
мянган төгрөгийн цалинтай байгууллагад хэн ч ажиллахыг хүсэхгүй байна. Бид цалин хөлсний асуудал дээр онцгой анхаарч дорвитой арга хэмжээ авахгүй бол ганц ард иргэдийн амьжиргаа биш өөр олон муу үр дагавруудыг амсахаар байна” хэмээгээд Засгийн газар болон Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт “Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэсэн амлалт өгч байсныг сануулж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг оруулснаа дахин мэдэгдэв.

Мөн тэрээр “Цалин хөлс нэмэх эх үүсвэрийн тухай яривал УИХ-ын гишүүд тойрогтоо хуваарилж буй 4 тэрбум төгрөгөөс татгалзвал иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээв.

Эх сурвалж: МҮЭХ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ