Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 394.2 (18.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 520.9 (26.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 551.9 (2.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.6%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
- 51.2 хувь нь иргэд
- 47.4 хувь нь хувийн байгууллага
- 0.6 хувь нь төрийн байгууллага
- 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 928.8 (4.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 (14.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Ингэхдээ уг зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.7 хувийг эзэлж буй аж.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.3 (1.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5.1 (0.4%) тэрбум төгрөгөөр өссөн байгааг мэдээлсэн юм.