Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан.
Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасан.
Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг тул эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой юм. Нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэх юм.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон журмын төслийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа гэж ХНХЯ-аас мэдээллээ.