ЭМЯ-наас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулж шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 6 өвчнийг монгол улсад эмчилдэг болсон. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм. Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, ЭМД-д санхүүгийн зохицуулалт хийх цогц төлөвлөгөө шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 870 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны Volcano аппарат, АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлж өнөөдөр УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмараар ахлуулсан Зүрхний мэс заслын баг 5 тохиолдолд эмчилгээг амжилттай хийгээд байна.
Уг оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ дээр энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтаж байгаа бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтууд ЭМД дээр хийгдэж байна.