Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн сүлжээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснуудтай холбоотой олон асуудал нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа.
Мөн БНСУ-ын “Daewoo” корпораци Монгол Улсын иргэд, Засгийн газраас уучлалт гуйж байна. Ирэх замдаа хуучин автобус явж байгааг өөрийн нүдээр харсан. Анх 400 автобус орж ирж байхад гэрээн дээр нь өөрийн биеэр гарын үсэг зурсан. 13 жилийн дараа энэ автобуснууд Монгол Улсын зам дээр явж байгааг хараад маш их гайхсан, сэтгэл хөдөлсөн. Цар тахлын улмаас дэлхийн автобусны үйлдвэрлэл зогсолтод орсон. Манай компани ч мөн адил. Гэхдээ цар тахлаас энгийн байдалдаа ороход бид олон улстай гэрээ хийж Катар, Саудын Араб, Ирантай гэрээ хийж автобус нийлүүлэхээр шийдвэрээ гаргасан. Одоогийн байдлаар Монгол Улстай 600 шинэ автобус оруулж ирэх гэрээ хийж, энэ төслийг эхлүүлсэн. Туршилтын нэг автобус явуулахад манайхаас 100 автобус шаардсан. ОХУ-д бид 5000 ширхэг автобус явуулдаг. Монгол Улсад 30 хувийн хөнгөлөлттэй оруулж ирж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл, АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шуурхай шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Шалгалтын хүрээнд "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн гэр, албан өрөөнд өнгөрсөн шөнө нэгжлэг хийсэн. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болсон байна. А.Ганхуягтай хамт тус компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх зэрэг хүмүүсийг саатуулсан байна.