Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Соёлын сайд, Хатагтай Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвх, санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн техник технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед соёлын өвөө хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарах шаардлагатай болж буйг дурдаад соёлын болоод ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд гүүр нь болж ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева “Бид бол угсаа гарал нэг ард түмэн. Цаашид хоёр улс хоорондын хамтын ажиллагаа, соёлын харилцааг бүхий л түвшинд хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллана” гэлээ.