Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа нар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ажиллаж, үйл ажиллагаатай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тус төв нь жилд дунджаар 120.000-135.000 дуудлага мэдээлэл хүлээн авдаг бөгөөд 2014 оноос 2023 оны 9 дүгээр сарын байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 52.852 дуудлага мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст шилжүүлж, кейс шийдвэрлэлтийн дундаж үзүүлэлт 70 гаруй хувьтай байна.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, аймаг, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэст:
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс шилжүүлсэн хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийн дагуу шуурхай холбогдох арга хэмжээг авч, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, кейс шийдвэрлэлтийн мэдээллийг өдөр, сар, улирлаар нь нэгтгэн нээлттэй мэдээлж байх, мэдээлсний дагуу хариуцлага тооцож ажиллах;
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал, суралцах боломж, хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах, үйлчилгээ авч байгаа хүүхдийн хувийн хэргийн бүрдлийг холбогдох журам, стандартын дагуу хөтлөх, архивлах;
Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдийг Хамтарсан багт хүлээлгэн өгөхдөө "түр хамгаалах байрнаас хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ, хүүхдэд гарсан өөрчлөлт, анхаарах асуудлын талаар" бичиж албажуулан хүлээлгэн өгч байх;
Аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй болон Түр хамгаалах байраар 2-оос дээш удаа ирж үйлчлүүлсэн хүүхэд, тэдний гэр бүлтэй ажиллах цогц төлөвлөгөөг гаргаж ажиллах;
Хүүхэд хамгааллын кейс шийдвэрлэлтийн явц, үр дүнг аймаг орон нутагтаа сар тутам хэлэлцүүлж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: ХНХЯ