Баян-Өлгий аймаг, Ногооннуур сумын нутагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баян-Өлгий аймаг, Ногооннуур сумын 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км-т аравдугаар сарын 09-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:51 цагт ОБГ-т цахим шуудангаар ирүүлжээ. Тус газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас хохирол учраагүй байна.
Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн 10 жилд 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.