Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас санал авчээ.Засгийн газрын зүгээс тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 гаруй зүйлд санал өгч УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Тус нэмэлт өөрчлөлтөд оруулж ирсэн намын жагсаалтаар УИХ-д сонгогдох 38 нэр дэвшигчийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх, төрийн албан тушаалд томилохгүй байхаар тусгажээ.
Шинээр өргөн барьж буй хуулийн төсөлд бүх шатны сонгуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн хүн нэр дэвшихгүй байх бүх нөхцөлийг хангаж өгсөн.
Нэгдүгээр, Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн жагсаалтад орох боломжгүй, Хоёрдугаарт, Нэр хүндээ алдсан улс төрчдийг намууд тухайн жагсаалтдаа бичсэн тохиолдолд намуудын өөрсдийн хариуцлагын асуудал хөндөгдөнө. Нэр хүндээ алдсан хүнийг жагсаалтдаа оруулж бичсэн намууд нь иргэдийн дэмжлэгийг авахгүй байх бүх боломж нөхцөл бүрдсэн гэдгээрээ онцлог юм" гэв.