Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы хуралдаан Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хот дахь Номхон далайн баруун бүсийн төв оффист 2023 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэллээ.
Энэ жилийн чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр тэргүүтэй Эрүүл мэндийн яамны холбогдох албан хаагчид оролцож байна.
Чуулганы үйл ажиллагааг нээж 73 дугаар чуулганы дарга БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Бунфенг нээлтийн үг хэллээ.
Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтдаа хийж гүйцэтгэсэн томоохон ололт амжилтуудын талаар дүгнэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы даргаар Бруней Даруссалам Улсын Эрүүл мэндийн сайд, Дэд даргаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр нар тус тус сонгогдлоо. Чуулганы дарга, дэд нарыг сонгосны дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. Жужанна Якаб нээлтийн үг хэллээ. Др. Якаб хэлсэндээ үгэндээ 2023 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн тэмдэглэлт баяр тохиож буй хийгээд Бүсийн захирлыг шинээр сонгох сонгууль тохиож байгааг онцлон тэмдэглэлээ. Үүний дараагаар Номхон далайн баруун бүсийн төвийн холбогдох газрын дарга нар өнгөрсөн нэг жилийн хугацааны үйл ажиллагаагаа тайлагнав.
Энэ жилийн ээлжит чуулганы нээлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Гейбрейсус биечлэн оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр сүрьеэтэй тэмцэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах гэсэн гурван чухал асуудлаар өндөр түвшний уулзалтууд зохион байгуулагдаж, улс төрийн тунхаглалууд батлагдсан болохыг онцлон тэмдэглээд, гишүүн улс орнууд улс төрийн тунхаглалаар хүлээн авсан амлалтуудаа ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллахыг уриалав. Мөн ДЭМБ-ын Үйл ажиллагааны 14 дүгээр хөтөлбөрийн төсөл болон ирэх жилүүдэд баримтлах бодлогын баримт бичгүүдийн хүрээний гол сэдвүүдийг хөндөж, хэрэгжилт сул байгаа үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг гишүүн орнуудад уриалав. Др. Тедрос ДЭМБ-ын шинэчлэлийн бодлогын хүрээнд гишүүн улс орнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор улс орнууд дахь Суурийн төлөөлөгчийн газрын эрх, үүрэг, захиран зарцуулах санхүүжилтийн эрх хэмжээ зэргийг нэмэгдүүлж байгаа талаараа онцлов.
Чуулганы хуралдаанаар Бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны долоодугаар сарын 1-нээс 2023 оны зургаадугаар сарын 30-ны хоорондох хугацааны тайланг хэлэлцлээ. Чуулганы дараагийн өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн аюулгүй байдал”, “Эрүүл мэндийн инноваци”, “Эрүүл мэндийн харилцаа холбоо”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөц” зэрэг чиглэлээр Бүсийн улс орнуудад урт хугацаанд баримтлах стратегийн баримт бичгүүдийн төслүүдийг хэлэлцэн батлах ба Монгол Улс дээрх хэлэлцүүлгүүдэд тус тус оролцож, байр сууриа илэрхийлнэ.