Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-10-20
Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембург Улс хүлээн зөвшөөрөв

Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Франсуа Бауш болон Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар “Жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”-т 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн хоёр дахь улс албан ёсоор хүлээн зөвшөөрч, люксембургийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомж болон энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

Ийнхүү Люксембург Улсын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө олгосон Монгол Улсын жолооны эрхийн үнэмлэх эзэмшигч иргэн нь тус улсын онолын эсхүл, дадлагын жолооны шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ солиулах боломжтой боллоо.

Энэхүү санамж бичиг нь А, В, ВЕ ангиллын мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош тооны зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарна. Дашрамд тэмдэглэхэд, Европын Холбооны гишүүн Бельги Улс нь манай улсын жолооны үнэмлэхийг 2002 онд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ