Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа нууцын зэрэглэлтэй ирүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороод хаалттай хуралдсаныг тэмдэглээд гишүүдийн зүгээс уг асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжтой эсэх талаар санал гаргасныг уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газраас тодруулав.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2. дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуульчилсан. Иймд уг асуудал нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгтэй орж ирсэн” хэмээн хариуллаа.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.