Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан шинжээч Лорензо Пиачентинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар санал солилцлоо.
Төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох бүрэлдэхүүн хэсгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлнэ.
Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг мөн Монгол Улсад байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Монгол Улсын хууль сахиулах салбарын чадавхийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо төслийн ач холбогдлыг тэмдэглэж, тус төсөл нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болохыг онцолж, цаашид тус байгууллагатай нягт, идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам