Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Элизабет Блайтыг хүлээн авч уулзаж, хоёр улсын хууль зүй, хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо шинээр томилогдсон Элчин сайд Фиона Блайтад баяр хүргэхийн ялдамд тус яамны чиг үүрэг, төлөвлөж буй хүний эрхийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хийж буй эрх зүйн шинэчлэлийн ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хууль зүй, дотоод хэргийн салбарт туршлага судлах, чадавхийг бэхжүүлэх, албан хаагчдад англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Элчин сайд Фиона Блайт хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл Их Британи улсад морьт эргүүлийн чиглэлээр туршлага солилцох ажлыг ойрын үед хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам