Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа.
Оросын Холбоотой Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавилаа.
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монгол Улс, ОХУ нь олон жилийн найрсаг харилцааны түүхтэй, стратегийн түнш улсууд болохыг тэмдэглэн, түүхийн хүнд цаг үед болон их бүтээн байгуулалтын жилүүдэд манай хоёр орны ард түмэн ямагт хамтдаа байж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг дурсан, цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар саяхан Бээжин хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажилагааны асуудлаар ярилцсан нь чухал ач холбогдолтой болсныг Засгийн газрын тэргүүн нар онцлон тэмдэглэж, Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 25 дугаар хуралдаан аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой болсныг Засгийн газрын тэргүүн нар өндрөөр үнэлэв.
Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг, тухайлбал Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр тал тохиров.
Монгол, Оросын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Халхын голын хамтын ялалтын 85 жилийн түүхт ойг 2024 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал тохиров.