Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв.
Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа. Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17,682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15,227 албан хаагч одоо ажиллаж байгаа юм.
Мөн гэрэлтүүлгээ асааж чадахгүй байгаа, удаан хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найман аж ахуйн нэгж, байгууллагаас гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байсан Хан-Уул дүүргийн “Новел нетворк” ХХК-д "Гэрэлтүүлгийн ашиглалтыг шилжүүлэх" мэдэгдлийг хүргүүлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авна. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.