Улсын гуравдугаар төв эмнэлэг БНТУ-ын КОЧ их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж Санамж бичиг байгууллаа.
Тус сургуулийн төлөөлөл энэ сарын 24-нд УГТЭ-д зочилж үйл ажиллагаатай танилцан, эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашдын үйл ажиллагааныхаа талаар санал солилцсон бөгөөд энэ үеэр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах зэргээр монгол эмч нарыг чадавхижуулах, ялангуяа Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эпилепси болон паркинсон, тремор зэрэг хөдөлгөөний эмгэгийн функционал мэс заслын аргуудыг богино хугацаанд нутагшуулах мөн судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийхээр тохиролцож монголчуудыг эх орондоо өндөр түвшний, чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад туслахаар болсон юм.
КОЧ их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч, доктор, профессор Сэлчук Пэкэр “Gamma knife radiosurgery”, “Surgical treatment of movement disorders”, “Epilepsy surgery” зэрэг сэдвээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байран дээр сургалт зохион байгуулж, 50 гаруй үйлчлүүлэгчид үзлэг хийж, зөвлөгөө өгсөн.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд мэдрэл, мэдрэлийн мэс заслын чиглэлээр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношлуулан, эмчлэгдэх боломж бүрдэж, улмаар эпилепси, паркинсон өвчтэй иргэдийг мэс заслын эмчилгээнд хамруулахаас гадна тэдний нийгмийн амьдралын оролцоо, хүртээмж, амьдралын чанарыг урт удаан хугацаанд сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаан хамтран явуулах юм.