Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 11-р сарын 07-ны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.
Тэрбээр, хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2023 оны 162 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 20, 27, 30, 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу нийт 4 удаа хуралдсаныг тодотгоод Ажлын хэсгээс Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс ирүүлсэн төсвийн төсөл, дүн шинжилгээ, танилцуулга, санал дүгнэлт, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлттэй танилцаж, Сангийн яамнаас төсвийн төслийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч хэлэлцсэнийг онцлов.
Мөн Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр саналын томьёоллоор ирүүлсэн нийт саналуудаас төсөвт зохицуулалт хийх төсөл арга хэмжээний нэр өөрчлөх, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөн салбар дотроо зохицуулалт хийх саналууд болон зураг төсвийн магадлал хийгдсэн, ирэх жилийн улсын төсөвт бага ачаалал үзүүлэх, төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгийн санал болгон дэмжсэн бол Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр саналын томьёоллоор ирүүлсэн нийт саналуудаас магадлал хийгдээгүй, төсөвт өртөг нэмэгдүүлэн төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал өөрчлөх болон гишүүдийн тойрог бусад салбарын төсвийн зохицуулалт хийж өөрийн тойрогт хөрөнгө оруулалт тавихаар ирүүлсэн саналуудыг Ажлын хэсэг дэмжих шаардлагагүй гэж үзсэнийг тодотгож байлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан дараах шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг онцлоод тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд, 289.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд буюу 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.0 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөснийг тодотгов.
Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд, төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатайг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлон тэмдэглэв.
Дараа нь ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
Тэрбээр, ирэх оны төсөвт тусгасан онцлог арга хэмжээг танилцуулахдаа, Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах болно. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхэлнэ. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг болно гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг хуралдаанаар сонсож, танилцав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлсэн.
Хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой төсвийн орлогыг 590,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн. Уг саналд “Олон жил хуримтлагдсан татвар нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн өрийг үе шаттай барагдуулж, төсвийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмж, төрийн үйлчилгээний зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2022 оноос өмнөх хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй буюу 92,100.0 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй хувь буюу 194,300.0 сая төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг 50-иас доошгүй буюу 256,361.3 сая төгрөгөөр тус тус барагдуулж, улсын төсвийн орлогыг 542,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”, “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаас бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, цар тахлын үед төвлөрүүлээгүй ноогдол ашгийн үлдэгдлийг бүрэн дайчлах замаар улсын төсөвт 48,000.0 сая төгрөгийг нэмж төвлөрүүлэх” хэмээн тусгасан байв.
Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төсвийн зардлыг 335,261.1 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. Уг саналд “Нэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төслийн нийт зарлагын Нийгмийн даатгалын сан, зээлийн хүүгийн төлбөр, үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүждэг зардлаас бусад урсгал зардлыг 2.51 хувиар буюу 309,522.9 сая төгрөгөөр бууруулах”,“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Эрчим хүчний сайдын төсвийн багцын урсгал зардлыг 25,738.2 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан байлаа.
Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврийн килограмм тутамд тооцон мөнгөн урамшуулал олгохоор төсвийн тооцоололд тусгагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.
Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.