УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын прокурорын саналыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хуралдаан таван цаг гаруй үргэлжсэний эцэст цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон байна.
Энэ удаагийн хуралд 65 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж 36 гишүүн үзэж санал өгсөн байна. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхийг 36 гишүүн дэмжсэн бол Т.Аюурсайхан гишүүнийг 47 гишүүн түтгэлзүүлэх санал өгчээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ.