Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 13-нд Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд манай улсын эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээгээд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын Ротари клуб байгуулагдсанаас хойш 30 орчим жилийн хугацаанд олон зуун залуу манлайлагчид улс орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцож ирсэн. Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж байна. Ардчилал, шударга ёс, эв нэгдэл, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилт юм гэдгийг онцлов.
Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор анх 1905 онд байгуулагдсан тус байгууллагын өнөөгийн цар хүрээ болоод Монгол дахь үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр, төслийн шугамаар эмнэлгийн тоног төхөөрөмж Монгол Улсад импортлоход татварын асуудал үүсдэг болохыг дурдаж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой, улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага аж. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилдэг байгууллага юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.