Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-11-21
Г.Ариунбуян: Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах шаардлагатай

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт” илтгэлийг Эрсдэлийн үндэсний форумын үеэр танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр тохиолдох гамшгийн тоо дамтавж нэмэгдэж, түүнийг даган учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Дэлхийн эрсдэлийн үнэлгээний тайланд тодорхойлсноор дэлхийн хэмжээнд өнөөгийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл жилд тохиолдох гамшгийн тоо 2015 онд 400 орчим байсан бол 2030 он гэхэд 560 болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг хэрэгжих 2030 он хүртэлх хугацаанд гамшгийн тоо 40%-иар өсөх хандлагатай байна.

Монгол Улсын сүүлийн 20 жилийн гамшиг, аюулт үзэгдэл ослын статистик мэдээг харьцуулан харахад 2004-2013 оны 10 жилд  3102 гамшиг аюулт үзэгдэл, осол тохиолдож байсан бол энэ тоо 2014-2023 он буюу дараагийн 10 жилд 30.2 хувиар нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоог мөн онуудтай харьцуулахад 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 54 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 2022 онд 100 хувь хийж гүйцэтгэсэн ба үнэлгээний нийт дүнгээр олон гамшгийн төрлөөр эрсдэлийн түвшин 5 аймагт маш өндөр, 7 аймагт өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Ган зудын эрсдэлийн хувьд баруун аймгууд маш өндөр, үерийн эрсдэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл аймгуудад өндөр байгаа бол ой, хээрийн түймрийн эрсдэл зүүн бүсийн аймгуудад өндөр дүн гарч байгаа нь гамшгийн аюулын урьдчилсан дохио сэрэмжлүүлэг юм. Мөн 2001-2022 онд цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 565 хүн амь насаа алдаж, 29.763 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт 802.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Тэр дундаа сүүлийн жилүүдэд тохиолдох зудын давтамж нэмэгдэж сүүлийн 5 жилийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд зудын эрсдэл маш өндөр байна. НҮБ-ын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот санаачилгын хүрээнд манай улс 2018 болон 2022 онд хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын ерөнхий үнэлгээг хийсэн. Энэхүү чадавхын үнэлгээний дүнг бүсийн хэмжээнд харьцуулан үзэхэд Баруун бүс 10 хувиар, Өмнөд бүс 3 хувиар, Хойд бүс 6 хувиар тус тус нэмэгдсэн бол Зүүн бүс 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхыг бүрдүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж гамшгаас бий болох эдийн засгийн болзошгүй хохирлыг бууруулах, “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох, хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах шаардлагатай байна” гэлээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ