ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч И.И.Кобзевын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун уулзалт хийлээ.
Уулзалтад Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд И.П.Сумараков, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Г.Гершун зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон. Тус мужийн хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх компаниудын нэг болох “Белореченское” компанийн зүгээс Монгол Улсад шувууны аж ахуй байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, сүүний чиглэлийн сайн үүлдрийн үхэр нийлүүлэх боломжтой болохоо мөн онцлов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун уулзалтын үеэр Монгол Улсад өрнүүлж буй “Хүнсний хангамж –Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойрын 4 жилийн хугацаанд хүрэхээр зорьж буй зорилт, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай мэдээлэл өгсөн юм. ОХУ нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт арвин туршлагатай тул хамтран ажиллах боломжууд бий болохыг мөн мэдэгдэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио, цээрт эрүүл бүс” байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, дүрмийн дагуу ажиллах хорио, цээрт эрүүл бүсээс мал, махны экспорт хийх боломж бүрдэх болохыг онцлон тэмдэглэв.
Эрхүү мужийн аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар Монгол Улсаас адууны мах импортлон авч байгаа бөгөөд цаашид махны импортын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.