Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-11-24
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг 2023  оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжиж буйг онцлов.

Монгол Улсын иргэд Солонгос Улсад зорчих визний асуудалд анхаарал хандуулж, иргэд харилцан зорчих нөхцөлийг илүү хөнгөвчилж өгөх хүсэлтийг  уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тавилаа.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа. Энэ хүрээнд Монгол Улсад ирэх Солонгос жуулчдын тоо нэмэгдсэнд баяртай байгаагаа хэлээд, цаашдаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд ажиллаж байгааг дуулгасан юм.

Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр эртний найрсаг, сайн харилцаатайг дурдаад, хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе” эхэлж байна гэж тодотгов.
Цаашдаа хоёр улсын эдийн засгийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгээ Элчин сайд Ким Жун Гүг хэллээ.  Монголчуудад олон удаагийн виз олгох, визний нөхцөлийг хөнгөвчлөх  асуудалд ч мөн анхаарал хандуулахаа Элчин сайд Ким Жун Гүг онцоллоо.

Эх сурвалж: ХЗДХЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ