АНУ-ын Охайо, Пенсильвани, Нью-Йорк муж дахь Эри, Онтарио нууруудын зүүн эрэг дагуу даваа гарагаас эхэлсэн цасан шуурга лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Цасан шуурганы сэрэмжлүүлэг Пенсильванийн Кливленд, Эри, Нью-Йоркийн Жеймстаун, Сиракуз, Освего, Уотертаун зэрэг хотуудад идэвхжсэн байна.
Их хэмжээний цас орсны улмаас тус бүс нутгийн сургуулиудыг хааж, оршин суугчдыг энэ шуурганы сөрөг нөлөөлөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг уриалжээ.
“Цаг агаарын хамгийн аюултай нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед богино хугацаанд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зарим авто замын зорчих хөдөлгөөнд багагүй хүндрэл учрах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.
Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал хандуулж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Канад улсад ч мөн адил цасан шуурга болж, Онтарио мужийн цагдаагийн албанаас Торонто орчмын замуудыг хаахад хүрчээ.
Мөн улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, хэд, хэдэн авто ослын дуудлагад хариу арга хэмжээ авчээ.
Тус улсын хурдны зам дээр олон автомашины осол гарч, олон хүн хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Их хэмжээний цасан шуурганы урсгал Онтарио нуураас зүүн тийш, Нью-Йоркийн төв хэсэгт орших Туг Хилл өндөрлөг газраар орж, баруун чиглэсэн 50-60 км/цагийн хурдтай хүчтэй салхины урсгал дайран өнгөрч, агаар чийгийг хуримтлуулан маш их хэмжээний хур тунадас бий болгохоор байгааг цаг агаарын байгууллагаас нь анхааруулжээ.
Цасны хэмжээ цагт 3 мм-ээс давж, зарим хэсэгт цагт 19-20 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ