Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2023-12-08
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өндөрлөв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 13 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж, энэ хүрээнд нийт 61 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 40 (65.6 хувь) гэрч хүрэлцэн ирсэн байна.

Дөрвөн өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шатанд Хянан шалгах түр хорооны 2023 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) гэрч хүрэлцэн ирж оролцсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор Хянан шалгах түр хороог байгуулсан. Хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэн, ийнхүү эхний үе шатны нээлттэй сонсголыг явуулав. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус сонсголыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1, 2 дугаар суваг, “ТВ8” телевиз, “ТВ9” телевиз, “Тэнгэр” телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр шууд нэвтрүүлсэн юм.

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22 өдрүүдэд болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ; Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн 6 сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах юм  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ