Дорноговь аймагт “Эрчүүдийн эрүүл мэнд” өдөрлөг боллоо. Аймгийн Засаг даргын ивээл дор гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулсан уг өдөрлөгт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн андрологи, урологийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, үзлэг оношлогоо хийх, зарим төрлийн мэс заслын эмчилгээг хийж тусламж үйлчилгээг үзүүлсэн нь үр дүнтэй болсон юм.
Өдөрлөгийн үеэр УНТЭ-ийн эмч нар Дорноговь аймгийн 150 эрэгтэйд үзлэг хийж онош тодруулах зорилгоор 36 хүнд ЭХО, шинжилгээ хийж, шинээр 50 өвчлөл илрүүлэн, 30 эрэгтэйд эмийн эмчилгээ зааж, 20 эрэгтэйд түрүү булчирхайн томрол илрүүлэн 3 дахь шатлалын эмнэлэг рүү илгээсэн. Улаанбаатар хот руу явах боломжгүй, ар гэрийн гачигдалтай хоёр эрэгтэйд газар дээр нь дурангийн мэс ажилбар хийж, эрүүл мэндийн асуудлыг орон нутагт нь шийдвэрлэв.
Мөн ‘’Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд’’ сэдэвт сургалтыг эрэгтэйчүүд олноор ажилладаг 13 аж ахуйн нэгж, албан газруудын 156 хүнийг хамруулан хийсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.