Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын захирал Кэрол Спан-тай 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Энх тайвны корпусаас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд англи хэлний сайн дурын багшийн тоог нэмэгдүүлэх боломж бололцооны талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, ялангуяа иргэд хоорондын хэлхээ холбоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улс дахь үйл ажиллагаагаа 1991 онд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 32 жилийн хугацаанд нийт 1500 орчим сайн дурын ажилтан манай улсын бүх 21 аймагт хүрч ажилласан байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.