Шинэ жилийн баяраар хүүхэд багачууддаа бэлэг, торт кекс худалдан авахдаа анхаарах асуудлаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Х.Чимэгээтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэ жилийн баяр удахгүй болно. Хүүхэд бүрийн хүслэн болсон энэ баяраар эцэг эхчүүд бэлгийн баглаа бэлддэг. Гэвч бэлгийн багцад орж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаа үргэлж аюул дагуулдаг. Бэлгийн багцад орж байгаа хүнсний бүтээгдэхүүнд танай байгууллагаас шалгалт хийж байгаа гэсэн. Энэ талаарх мэдээллээс яриагаа эхлэх үү?
-Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүнсний чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Энэ удаагийн шалгалтад бялуу, кексэн төрлийн болон мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд, нийтийг хамарсан хүлээн авалт хийдэг нийтийн хоолны үйлчилгээний газруудыг хамруулсан. Мөн хүнсний худалдааны газруудаар худалдаалагдаж байгаа хүүхдийн бэлэг, чанар, аюулгүй байдал, түргэн гэмтэх бүтээгдэхүүнд шалгалт хийж байна.
-Хүүхдийн бэлгийн багцад багтаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд сахарын агууламж заасан стандарт гэж байдаг уу?
-Хүүхдийн бэлгийг хэрхэн багцлах нь тухайн худалдааны газруудын менежменттэй холбоотой. Харин тухайн бэлгэнд орсон бүтээгдэхүүний гарал үүсэл, хаяг шошго, шинжилгээ баталгаажилт, хадгалах хугацаа, тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодлынх нь бүрэн бүтэн байдал зэрэг чанар, аюулгүй байдалд нь хяналт шалгалт хийж байна. Хэрэв зөрчилтэй бүтээгдэхүүн байвал холбогдох хууль, дүрэм, журмынх нь дагуу арга хэмжээ авдаг.
-Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдах нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх үү?
-Хүүхдийн бэлгийг сонгохдоо эцэг эхчүүд бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Хугацаа дуусаагүй ч сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлаас хамаарч чанар аюулгүй байдалд өөрчлөлт орсон байх магадлал өндөр байдаг. Тиймээс шошго, хадгалах хугацааг хардаг шигээ сав баглаа боодлыг ч сайтар шалгах шаардлагатай. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савласан байхаас эхлээд стандарт бий.
-Шошгыг хэрхэн зөв унших тал дээр мэдлэг мэдээлэл иргэдэд тааруу. Гагцхүү хадгалах хугацааг хараад авах нь элбэг байдаг шүү дээ?
-Тухайн бүтээгдэхүүний хаяг шошгон дээр тэр бүтээгдэхүүний орц найрлагыг бичсэн байдаг. Үүнийг сайтар ажиглах хэрэгтэй. Шимт бодис, эрүүл мэндийн баяжуулалт хэр байна гэх мэт. Жишээ нь, С витаминаар баялаг гээд биччихсэн хүнсний бүтээгдэхүүн олон. Гэтэл тухайн бүтээгдэхүүнд С витамин нь ямар тунтай орсон байна. Орц найрлага нь тодорхой байх ёстой. Гаж нөлөө, хориглох заалтыг анхаарч үзэх шаардлагатай.
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго ямар мэдээлэл агуулсан байх ёстойг хуульчилсан байдаг байх аа?
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд шошгонд ямар мэдээлэл тусгагдсан байгаа вэ гэдгийг дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа. Тухайлбал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт гэх мэтчилэн.
-Шошгыг Монгол эсвэл Англи хэл дээр хэвлэх заалт ч бий. Гэвч энэ заалт хэрэгждэг үү?
-Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байхаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6-д заасан байгаа. Зүүн Азийн орнуудаас орж ирж бүтээгдэхүүнүүд дээрх хаяг шошгон дээрх мэдээллийг Монголоор хэвлэж, дагалдах хуудсаар зааж өгөх заалттай.
-Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс гудамжинд худалдах тохиолдол олон. Өвлийн цагт хөлдөж, гэсэхээс эхлээд аюулгүй байдал, чанар стандартад асуудал үүсдэг. Үүнийг иргэд мэддэг ч хямд үнийг нь харж худалдан авах тохиолдол олон?
–Аль болох ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлдэг. Хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд хортой. Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын ширээний бялууг сонгохдоо мөн үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анхаарах хэрэгтэй. Түүнчлэн шинэ жилийн баяр зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөхцөл байдалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарах хэрэгтэй.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа